Хэрвээ эр хүн чам руу утасдахгүй удвал тэр чамд жинхэнээсээ дурлаагүй гэсэн үг. Дурласан эр хүн чамайг Аляскт байсан ч нэхэл дагал болоод яваад очно, чиний дугаарыг олохын тулд Мянган Солонго (чиний нэрийг солонго гэдэг бол шүү дээ) гэсэн нэртэй хүн рүү залгаад дугаарыг чинь олчихож чадна. Ямар ч эр хүн, бүр хамгийн ичимхий бүрэг эр байлаа ч тэр ч дурлалынхаа төлөө зайлшгүй тэмцэнэ. Голдуу чиний нүд, инээд хоёрыг чамд магтаад бас түүний үйлдэл гэнэтийн огцом шинжтэй байгаад байвал тэр амьтан чамд дурлажээ. Учир нь дурласан эрчүүдийн нүдэнд ихэнхидээ нэг орон дээр хэвтэж байгаагаар биш, зөөлөн тэврээд нүдэн дээр нь үнсэх гэх мэтийн инээдэмтэй зүйлүүд төсөөлөгддөг. Ийм хүн чиний амьдралд тийм олон тохиолдохгүй учир болгоомжтой харьцах хэрэгтэй, хэдийгээр та Shania Twain байлаа ч. Эсрэг тохиолдолд найз нь ойрд их завгүй байна, би чамайг хайрлах эрхгүй хүн, төрөлхийн би ийм хайнга зантай хүн л дээ, бид хоёрын харьцаа нэгэнт өнгөрчээ...........эдгээр нь эр хүний нөгөө 14-н мэхнийх нь нэг бөгөөд чамд үзэн ядуулахгүйгээр хөнгөхөөн салах аргаа л хайж байгаа нь тэр. Хэтэрхий их хүлээлт, хэтэрхий их туршлагын аль аль нь хэзээ ч хайр дурлалыг бүтээдэггүй юм....
Хүн угтаа тасралтанд биш дунджид илүү дуртай байдаг. Яагаад гэвэл тэр ганцаардахаас айдаг. Яагаад гэвэл тэр бусдаас өөр байх вий гэхээс үхтлээ айдаг. Түүний бодол санаа бусдынхаас өөр байхаас айдаг. Иймээс тэр дунджийн хуулинд захирагддаг. Иймээс тэр бусад хүмүүс юу гэх байсан бол, хүмүүс юуг нь илүүд үзэх байсан бол гэх маягаар шийдвэр гаргаж бусад хүмүүсийн үйлдэлд анхаарлаа гойд хандуулдаг. Хүний хамаг сайн зан чанар, ухаалаг байдал зэрэг бол ердөө л дундаж байх юм. Дунджаас алхам холдоход л тэр нь хүмүүний хамаг үнэт зүйлсэд аюул учруулж эхэлнэ. Хүүхдийн хүмүүжил гэдэг маань өөрт нь хүчтэй харагдсан хэн нэгнийг даган дууриах процесс байдаг ба эцэг эх нь ч түүнээс олонхитой адилхан байхыг шаарддаг. Энэ байдал нь бага балчир наснаас нь олон дахин давтагдсаар эцэстээ дадал зуршил болдог. Ихэнхи хүн өөрийн гэсэн шийдвэр бараг гаргадагүй зүгээр л олонхийн санаа бодол ийм болов уу гэж таамаглаж асуудалд ханддаг.Тэгээд өөрийн таамаглал нь бусдынхтай тохирвол учиргүй баярлаж хөөрдөг ба итгэл үнэмшил гээч ойлголт нь ингэж л үүсч хөгждөг. Гэвч он цаг өөрөө дунджийн хуулинд үл захирагддаг ганц нэг тасралтыг төрүүлдэг бөгөөд хүмүүс үүнийг гаж эсвэл суут гэж нэрлэдэг. Зарим тохиолдолд энэ хоёр ойлголт давхацдаг бол зарим тохиолдолд эхэн үедээ гаж гэж нэрлэж байгаад сүүлдээ суут гэж нэрлэгдэх нь ч бий. Гаж суут хоёрын аль аль нь айдаст автдаггүй эсвэл бусдаас бага айдаг. Учир нь тэд урьд өмнө нь нэгэн цагт хамгийн ихээр айдаст автаж байсан хүмүүс юм.
Хүн гэдэг харагдаж байгаагаасаа ч илүү дорой өчүүхэн амьтан. Хүний амьдрал гэдэг энэхүү өчүүхэн байдалтайгаа эвлэрэхгүй гэсэн, өөрийн орон зай, цаг хугацаагаа утга агуулагажуулах гэсэн оролдлого, горьдлого. Хүн айсандаа л бурхныг бодож олсон, хүн айсандаа л урлагийг санаачилсан, хүн айсандаа л аливаа нэг бүлгэм хамт олонд элсдэг. Атаархал ч, хардалт ч шунал ч угтаа айдас. Айсандаа л хүн үзэн яддаг, айсандаа л хүн хайрладаг. Ганцаардахаас айсандаа л ямар нэгэн хайр дурлалыг үхэн хатан хайж олоод сэтгэлээ тушааж байж сая санаа нь амардаг. Гэвч хэсэг хугацааны дараа өмнөх айдас нь алга болсон ч өөр төрлийн айдсаар дахиад л айж эхэлнэ. Айдсыг давах хүч архинд ч мөнгөнд ч, дурлалд ч, шашинд ч, философид ч байхгүй. Ер нь хаа ч байхгүй. Айдсыг хоромхон зуур л мартаж болох бөгөөд тэрнийг нь аз жаргал гэнэ. Гэсэн ч хүн эцэс төгсгөлгүй айсаар л байх болно. Учир нь айдас бол ирээдүйд хамаатай зүйл. Харин ирээдүй бол хэзээ ч тохиолдохгүй тэр нэгэн зүйл. Хүний хувьд ирээдүй гэдэг бол хамгийн чухал, өнөөдрөөс ч илүү чухал. Хүн маргааш айдасгүй амьдрах болно гэсэн итгэл үнэмшлээрээ амьдардаг. Энэ бол амьдрах итгэл. Маргааш, маргааш, маргааш... өнөөдөр яасан ч яах вэ маргааш л болж байвал...гэвч маргааш бол угтаа үхэл, өөр юу ч биш үхэл. Харин хүн үүнийг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй... мэдэхээсээ айдаг. Магадгүй хүний хамгийн том айдас нь энэ байж ч болох юм. Энэ бол оршихуй.
Эхлээд нүд рүү чинь харсан эрчүүд
Эелдэг сайн хүмүүс байдаг
Энгэр рүү харц унагасан эрчүүд
Эргэлзээгүй муу улс байдаг
Өчүүхэн төдий ч нүд салгалгүй
Бүгдийг чинь харж тэвэрсэн эрчүүд л
Үнэнч шударга байдгийг мэдэгтүн (Таникава Шүнтаро)
Арван наймтай эр таашаадаг, хорьтой эр дурладаг, гучин настай бол эзэмдэхийг хүсч, дөчтэйдөө сая эргэцүүлж боддог гэсэн яриа байдаг. Үнэний хувьтай ч байж болох юм. Гоо сайхныг таашаадаггүй эр хүн энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй. Бүр суут сэтгэгч Жан Поль Сартр хүртэл нэгэнтээ “сайхан хүүхэн бэлэн олдоход татгалзах эр хүн хэр олныг мэдэх вэ? тийм хүн байдаг бол зан авирын согогтой л нэгэн байна” гэж бичсэн байдаг. Бүх л эрчүүдийн сонголтонд зүс царай их бага хэмжээгээр нөлөөлнө. Манай найз Букад энэ үзүүлэлтэнд тийм их нөлөөлдөггүй байхад, мянгаа мэтийн сэрэлтэнгүүд эмэгтэй хүнийг ганцхан гадаад төрхөөр нь дүгнэдэг. Тиймэрхүү мулгуу новшнуудад бүсгүй та итгэх хэрэггүй, тэд зүгээр л өөртэйгөө ижилхэн бодолтой нөхөддөө таны хөл хөхийг чинь магтаж сайрхаж ярихын тулд л тэр. Тэгвэл бүсгүй нь муугаар бодоод осолд ороод хөлөө бэртээвэл яах вэ? хөхний хорт хавдар тусвал яах вэ? тэр цагт нөгөө эрчүүдийн оргилсон их хайр нь төгрөгийн ханш шиг л унана даа хөөрхий...Тиймэрхүү хүний оронцогуудыг хайрыг булаахад нэг их хүндрэлгүй. Гадаад гоо сайхан руугаа л анхаар. Тэгсний дараа бол зурагтны удирдлага эзэмшихээс амархан захирчихна.
Гэвч бидний аз болоход энэ дэлхий дээр сайн хүмүүс нь муугаасаа хүчирхэг эрс нь доройгоосоо олон юм. Тиймгүй сэн бол энэ хорвоо өдийг хүртэл оршин тогтнох байсан гэж үү?
Хүчтэй ухаалаг эрчүүд хайрыг нүцгэн бие шүргэлцэх төдийгөөр хязгаарлаж ойлгодоггүй. Тэдний хувьд хайр нь удаан хугацааны туршид эрхэм хүнийхээ сэтгэлийн гоо сайхнаас өөрийн оюун ухаанд үр тогтоох гэсэн хүсэл эрмэлзлэл байдаг. Тэд хэзээ сэрэл мэдрэмжиндээ захирагддаггүй бөгөөд хайртай л бол хайртай, таныг ямар ч үед орхихгүй....будагтай, будаггүй, тэрлэгтэй, тэргэнцэртэй алин боловч. Амьдрал өөрөө гэнэтийн явдлаар дүүрэн шүү дээ, түүний анхаарлыг танаас илүү татах чадалтай бүсгүй гараад ирж ч магад. Энэ тохиолдолд зан чанарын хувьд хүчтэй эрчүүд л барьц алдахгүй. Яагаад гэвэл тийм эрчүүдийн хувьд тархиндаа тийм бодол тээнэ гэдэг бол байж болшгүй зүйл байдаг. Миний бодлоор бол иймэрхүү хүчтэй эрчүүд өнөөгийн нийгэмд тийм ч цөөн биш ээ, харин түүнийг олж харах нүд л цөөдөөд байж магад. Эцэст нь бүсгүй танд хандаж хэлэхэд биеийн сайхнаар эрчүүдийг татаж болноо. Гэвч тэднийг тогтоон барихын тулд сэтгэлийн гоо сайхан шаардлагатай шүү...Монголын гоо үзэсгэлэн маш олон болтугай.

Уйлж байгаа чиний дэргэд суугаад
Чиний цээжин дэх тал нутгийг бодно
Миний очиж үзээгүй тэр л газарт чи
Огторгуй өөд хараад дуулж байна
Уйлж байгаа чамдаа хайртай
Инээж байгаа чамайг хайрладаг шигээ л
Уйтгар шаналал хэзээд, хаана ч байдаг гэвч
Аль нэгэн цагт жаргалдаа шингэн уусдаг
Уйлж буй учрыг чинь би асуухгүй
Учир шалтгаан нь надаас болсон байлаа чиг...
Одоо чи миний гар хүрэмгүй алсад
Орчлон дэлхийгээр тэврүүлээд сууж байна
Нулимсны чинь дусал бүхэнд
Цаг цагийн хүмүүс орчиж байгаа
Тэрэнд хандсан би ингэж хэлнэ
Уйлж байгаа чамдаа би хайртай
Цэцгэн дунд өмнөө гүц дарс тавиад
Цэнгэх нөхөд үгүйд ганц өөртөө сөгнөв
Дарстай хундагаа өргөөд, сарыг хань татахуйд
Даруй сүүдэр минь тодроод, бидэн гурвуул болов
Архи балгаж сураагүй сар эв дүйгүй
Арга үгүй сүүдэр минь л намайг дагаж хөнтөрнө
Сар сүүдэр бидэн гэлээ ч, үй зайгүй
Сайн нөхөд болцгоогоод хаврын шөнөжин наргив
Намайг ая барихуйд, сар дэмнэн намилзана
Намайг хөгжин бүжихүйд, сүүдэр дагаж биелнэ
Гурвуул ийн найрлахад амьдрал мөн ч зугаатай
Гуулин гүц хоосроход л зүг зүгтээ тарцгаана
Алс тэнгэрийн заадас дээр учрахын болзоо тавиад
Ахиад л би ганцаар өөрийн мөрийг хөөнө
Архичдыг халуун там хүлээдэг гэх
Амсдаггүй улсын үгэнд бүү итгэ
Хэрвээ там архичид амрагуудын орон болбоос
Хээ...цэс, тэр диваажин чинь маргааш гэхэд хоосорно
Солиортлоо ном унших нь миний амьдрал биш
Сонсголонт магтаалтай хамт би хундаганд дассан
Эрүүл ухаан хэрэв багш, чинь юм бол
Эрүүл ухаанаа бүү сонс тэр миний шавь
Тахиа юу гэж донгоддогийг чи мэдэх үү?
Таалал төгсөгчдийг сэхээж чаддаггүй тухай
Аниргүй нэгэн шөнө эргэж ирэхгүй тухай
Амьд хүмүүс үүнийг мэдэхгүй унтаж байгаа тухай
Амьдал бол зэрэглээ, амжиж баясацгаа
Ариун дурлалын мансууралд цэнгэцгээ
Хэрвээ бусдаас бага цэнгэсэн бол бүү гашууд
Бусдаас багахан зовсондоо сэтгэл дүүрэн бай
Өргөн хорвоод бид ердөө л шатрын хүү
Өдөр шөнө мэт хөлөг дээр тэр биднээр тэр наадна
Түлхэнэ, золино, солино нэг нэгээр маань хүртэнэ
Түүний дараа хайрцагт хийгээд л гүйцээ
Нэгэн өтөл хүмүн насан эцэслэж эрлэгийн элчтэй нүүр тулах үед түүний үйлдсэн буян нүгэл яг тэнцчихэж гэнэ. Үүссэн асуудлыг шийдэхийн тулд эрлэгийн элч түүнд там диваажин хоёрыг үзүүлж сонголтыг өөрөө хийх боломж олгожээ. Тэр хүн эхлээд диваажингийн хаалга руу оров... Нов ногоон тал налайна... дээр өнгө өнгийн цэцэгс дүүрэн алаглан харагдана... бүх хүмүүс нь цагаан өнгийн хувцастай... аз жаргалаар дүүрэн агаад хүнд үнэхээрийн таалагдлаа. Гэтэл хаанаас ч юм бэ хонх дуугарахад хүмүүс тусгайлан зассан том ширээн дээр цуглаж сууцгаав. Ширээн дээр амтат хоолнууд өрөөтэй бөгөөд хачирхалтай нь хоол идэх халбага нь уртаа гэгчийн иштэй ажээ. Удаж төдөлгүй диваажингийн хүмүүс тэр халбагаар хоол хутган бие биенийхээ аманд халбагадан өгч бүгд цадталаа хооллоцгоогоод дахиад л хөгжилдөх аж.
Дараа нь хүн там руу орлоо, мэл гайхав...бүх зүйл нь диваажинтай яг ижил байлаа, цэцэгс, ширээ, урт иштэй халбага гээд бүгд ижил... Хүн там диваажин хоёрын ялгаа юундаа байдаг юм болоо? гэж бодож байтал мөн л хонх дуугарч хооллох цаг болов. Гэтэл нөгөө хүмүүс чинь бие биенээсээ өрсөж идэхийг хичээн аймшигтайгаар хэдэрлэн халбагаараа өөрсдийгөө хооллохыг оролдон хувцас хунарруугаа асгаж цутган идсэн ч юмгүй хоолоо үрэн таран хийчихээд эцэст нь бие биентэйгээ амьтан лугаа адил хэрэлдэж зодолдох аж. Харин одоо бол хүний нүдэнд үнэхээрийн тамын дүр төрх үзэгдэх ажээ...
Там диваажингийн ялгаа ердөө л энэ аж...Яаж хандана тийм л үр дүнг үзэх нь гарцаагүй
Дэлхийд хамгийн шидтэй зүйл юу вэ? гэсэн сүржин гарчигтай атлаа олон арван цагаан хуудасны эцэст том үсгээр МӨРӨӨДӨЛ гэж ганцхан үг бичсэн номыг АНУ-д 1960 аад онд хэвлэн гаргасан байна. Энд энэхүү номыг дурдах нь даруу бус байж мэдэх ч би л хувьдаа мөрөөдөлд хүч байдаг гэдэгт, ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг гэдэгт итгэдэг. Энэхүү итгэл минь ч намайг жинхэнэ байх ёстойгоос минь арай дээгүүрт залсан байж магадгүй. Би ухаан орсон цагаасаа л ихийг мөрөөдөж үргэлж том руу тэмүүлдэг байсан. Хэдийгээр би гудамныхаа хамгийн олон тоглоомтой болоогүй ч, математикийн конкурсанд түрүүлж чадаагүй ч товхийсэн хэдэн буу машинтай болж мөн хүссэн сургуульдаа элсэж чадсан юм. Дэлхийг сэлж тойрох зорилго тавьсан нэгэн зорилгоо биелүүлж чадаагүй ч маш сайн усч болсон юм гэнэлээ. Залуу хүн бүрийн цээжинд зорилго байдаг боловч тэдний цөөхөн нь зорилгоо дагадаг. Бусад нь хүслээ л дагадаг. АЛХИМИ гэдэг бол сэтгэл санааны төгс төгөлдрийг бодис болгон шилжүүлдэг ухаан. "Хорьтой байхад би ч ингэж мөрөөддөг л байсан юм "гэх мөрөөдөлдөө итгэдэггүй хүмүүсийн үгэнд бүү орцгоо! бүү итгэ! Сайн сайхан бүхнийг мөрөөд тэгээд тэмц! алхимид итгэ! алхимичид итгэ!
Аянчдын нэгнийх нь авчирсан номыг Алхимич авч үзэв. Ном хавтасгүй ч Оскар Уайльд гэсэн зохиогчийн нэр нь байв. Номын хуудсыг сөхөн эргүүлж Нарциссын тухай өгүүлсэн хэсгээс уншив. Горхины усанд өдөржингөө өөрийгөө тольдож баясдаг байсан үзэсгэлэнт хөвгүүний тухай түүхийг Алхимич мэддэг аж. Нарцисс хөвгүүн дүрсээ харсаар сэтгэл алдуурч горхинд унаад живж үхсэний дараа горхины эргээр нь ургасан цэцгийг түүний нэрээр нэрлэсэн түүхтэй. Харин Оскар Уайльд тэр түүхийг өөрөөр өгүүлсэн байлаа.
"Нарциссыг үхсэний дараа горхины ус нулимсаар нэвширч, шорвог амттай болсныг дриадууд гэгч ойн савдгууд анзаарчээ.
- Чи яагаад уйлаад байгаа юм бэ? гэж дриадуудыг асуухад горхи
- Би Нарциссыг санаад байна гэж
- Арга ч үгүй биз дээ. Түүнийг ой дундуур явж байхад бид бүгдээрээ хойноос нь дагаад гүйдэг байлаа. Харин түүний гоо үзэсгэлэнг дэргэдээс нь хардаг байсан нь ганцхан чи биз дээ гэж дриадуудыг хэлэхэд горхи
- Тэр үзэсгэлэнтэй байсан юм уу? хэмээн асуув.
- Чамаас өөр хэн үүнийг хэлж чадах юм бэ? гэж дриадууд гайхав. - Тэрээр чиний эрэг дээр чиний ус руу тонгойсоор өнждөг байсан биш үү?
Горхи нэлээд дуугүй байснаа:
- Би Нарциссын үзэсгэлэнг огт анзаарч байсангүй, харин үгүй болсныг нь үгүйлэн уйлж байгаа юм аа. Яагаад гэвэл тэр эрэг дээр минь ирээд ус руу минь тонгойх бүрт түүний нүднээ миний өөрийн гоо сайхан тусдаг байсан юм гэв.
Ямар гайхамшигтай түүх вэ? хэмээн Алхимич бодов.

